Турк улсын сансрын төхөөрөмж 2023 онд саран дээр газардана

Турк улс эх орондоо бүтээж байгаа хос хөдөлгүүрт пуужингийн тусламжтайгаар 2023 онд сансрын аппарат хөөргөнө гэж тус улсын аж үйлдвэр, технологийн сайд Мустафа Варанк мэдэгджээ. Турк улсын эрх баригчдын зүгээс сарыг судлах үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2023, 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна. Өнгөрөгч оны 11 сарын 9-нд турк улсын ерөнхийлөгч Тайип Эрдоган сарыг судлах үндэсний хөтөлбөртэй болох гэж байгаагаа зарлаж байсан юм. Тэгвэл тэрбээр тус улсын анхны иргэнийг сансарт нисгэж, сансрын анхны буудлаа барьж, 2023 онд сар луу буугч аппарат илгээнэ гэж мэдэгдсэн байна. 2023 онд Турк улс өөрсдийн шинэ технологийг ашиглан саранд хүрэхээр төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний үе шатны хүрээнд саран дээр хатуу буулт хийнэ. Энэхүү анхны төхөөрөмжөө олон улсын компаниудтай хамтран хөөргөх юм байна. Түүний хэлснээр, туркийн сансрын хөтөлбөр нь тус улсыг "Сансрын салбарын дээд лигт" хүргэх зорилготой юм. Харин технологийн “Delta V” компани сарыг судлах хөтөлбөрийн чухал хэсэг болох хос хөдөлгүүрийн технологийг боловсруулжээ. Туркийн удирдагчийн хэлснээр, саран дээр аппаратаа буулгах ажиллагааг 2023 оны сүүлчээр тэмдэглэх Турк улс байгуулагдсаны 100 жилийн ойд зориулах юм байна. Түүнчлэн Туркийн аж үйлдвэр, технологийн сайд тус улс сансар огторгуйд хамтран ажиллах талаар ОХУ зэрэг хэд хэдэн улстай хэлэлцээ хийж байна гэж мэдэгджээ. Турк улс сүүлийн 18 жилийн байдлаар 300 сая орчим америк долларыг сансар судлалын 56 хөтөлбөр, сансрын аппарат зэрэгт зарцуулаад байгаа юм.