АНУ-д Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг ихэсжээ

Сүүлийн үед АНУ-д ялангуяа Окленд, Лос Анжелес хотод Ази гаралтай иргэд, тэр дундаа өндөр настнуудын эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоо ихэсжээ. Удаа дараа үйлдэгдсэн хэргүүдийн уршгаар хэд хэдэн ахмад настан хүнд бэртэж, 84 настай Тайланд гаралтай эрэгтэй амиа алдсан байна. Хэдийгээр цагдаа нар шаргуу ажилласнаар тус хэргийн сэжигтнийг олж, баривчилсан ч Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд Сан Франциско хотод тайланд гаралтай 84 настай ахмад халдлагад өртөж, амиа алдсан харамсалтай хэргээс хойш ижил төстэй гэмт хэргүүд нэмэгдэж байгаа юм. Үүнээс нэг хоногийн дараа нэгдүгээр сарын 29-нд нүүрэндээ баг зүүн, хагас автомат буугаар зэвсэглэсэн хоёр этгээд Окленд хотын Ази гаралтай иргэний гэрт гэгээн цагаан өдрөөр халдан дээрэм хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтнийг олж тогтоогоогүй байна. Түүний дараа нэгдүгээр сарын 31-нд Окленд хотын Хятад хороололд 91 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй халдлагад өртөж, бэртжээ. Дээрх гурван хэргийг нэг этгээд үйлдсэн болохыг цагдаа нар мэдээлсэн бөгөөд тэдний дундаас 91 настай эрэгтэйн гэмт хэрэгтэнд түлхүүлэн газарт унаж байгаа дүрс гудамжны хяналтын камерт бичигдэн үлдсэн бөгөөд нийтэд ил болмогцоо олны бухимдлыг төрүүлэх болсон юм. Бичлэг цахим орчинд хурдтай тархаж, дэлхийн өнцөг булан бүрээс Ази гаралтай хүмүүс дуу хоолойгоо өргөж, Ази хүнийг ялгаварлан гадуурхах үзлийг арилгахыг уриалж эхэлсэн юм. Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн хүний талаар чухал мэдээлэл өгсөн хүнийг 25 мянган америк доллараар урамшуулна гэж холливуудын алдартай Ази жүжигчид болох Даньел Ву, Даньел Да Ким нар амласан бөгөөд Окленд хотын цагдаагийн газрын дарга Леронне Армстронг сэжигтнийг баривчилснаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Дээрх хэргүүдээс гадна Азийн ихэнх орнуудын тэмдэглэдэг цагаан сарын үеэр АНУ-д ажиллаж амьдардаг Ази иргэдийг дээрэмдэх, сүрдүүлэх, зодож танхайрах, дэлгүүр хоршоог нь сүйтгэх зэрэг гэмт хэргүүд олширчээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр Окленд хотод үйл ажиллагаа явуулдаг ази эзэнтэй 25 орчим дэлгүүр, үйлчилгээний газрууд халдлагад өртөн сүйтгэгджээ. Цагдаа нарын ажиллагааны дүнд дээрх хэргүүдийн заримынх нь сэжигтнүүд олдсон бөгөөд шүүх хурал болох хүртэл саатуулагдаж байгаа юм байна. Түүнчлэн зарим хэргүүдийн хяналтын камерт бичигдэн үлдсэн дүрсүүд болон гэрчүүдийн мэдүүлэг дээр тулгуурлан сэжигтнүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна гэж холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Окленд хотод Ази, Африк гаралтай хүмүүс цугларан ахмад настай хүмүүсийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал хийжээ. Жагсаалд ойролцоогоор 500 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний дийлэнх нь сүүлийн үед болж байгаа гэм хэргүүдийн хохирогчидтой найз, нөхөд, төрөл садангийн холбоотой юм байна. Харин АНУ даяар бүх цагдаагийн хэлтсүүдэд Ази гаралтай иргэд, ялангуяа өндөр настнуудыг хамгаалахад онцгой ач холбогдол өгөн анхаарал хандуулах тусгай алба нээжээ. Түүнээс гадна мужууд дахь Хятад хорооллын иргэд нийлэн сан бүрдүүлж, аюулгүй байдлаа хангахаар ажиллаж байгаа юм байна. 2021 он гарснаас хойш АНУ даяар Ази хүмүүсийн эсрэг 2800 орчим гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэгдсэн байна.