Мьянмарын зэвсэгт хүчин Аун Сан Су Чи-г авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

Мьянмарын зэвсэгт хүчний генералын бие төлөөлөгч Зау Мин Тун удирдагч Аун Сан Су Чиг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээ мэдэгджээ. 2017-2018 онд Аун Сан Су Чид Янгон бүсийн тэргүүн сайд асан 600 мянган америк доллар, их хэмжээний алт өгснөө хүлээсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мьянмарын цэргийнхэн Аун Сан Су Чиг энэ оны хоёрдугаар сарын 1-нд баривчилж, холбооны хэрэгслүүдийг хууль бусаар импортолж, зөвшөөрөлгүйгээр хэрэглэсэн гэж буруутгаад байсан бөгөөд шүүх хурал болох хүртэл гэрийн хорионд оруулахаар болсон юм. Аун Сан Су Чиг авилгын хэрэгт буруутгасныг улс төрд эргэн ирэх боломжийг нь хязгаарлах оролдлого гэж шинжээчид үзэж байна. Өнгөрөгч 2 сарын нэгнээс эхлэн төрийн эргэлт хийсэн цэргийн хүчнийхний гарт энгийн 70 орчим иргэн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн бол 2 мянга орчим хүн баривчлагдаад байгаа юм. Түүнчлэн Азийн хөгжлийн банк Мьянмар улсад олгох санхүүжилтийг зогсоох шийдвэрийг хоёрдугаар сарын 1-нд буюу цэргийнхэн Мьянмарын иргэний засгийн газрыг унагаж, эрх мэдлийг гартаа авсны дараа гаргасан байна. 2013-2019 оны хооронд АХБ-наас Мьянмарт нийт 2.4 тэрбум америк долларын зээл олгож, авто замын дэд бүтэц барих засгийн газрын хоёр төсөлд оролцжээ.