АНУ-ын Аляска мужийн Анкориж хотноо хоёр өдөр үргэлжилж, өнгөрөгч баасан гарагт өндөрлөсөн БНХАУ, АНУ-ын өндөр төвшний стратегийн яриа хэлэлцээнд оролцсон эх газрын Хятадын төлөөлөгч уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ажлын баг байгуулахаар болсон талаар мэдэгдсэн байна. БНХАУ, АНУ-ын талын аль аль нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх үүрэг амлалт өгчээ. Мөн талууд хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, үл ойлголцол, зөрчил, сөргөлдөөнөөс зайлсхийхээр тохиролцсон байна. БНХАУ, АНУ мөн хоёр талын дипломатчид, консулын ажилтнуудыг “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах талаар хэлэлцжээ. Уулзалтын үеэр эдийн засаг худалдаа, зэвсэгт хүчин, хуулийн хэрэгжилт, соёл, ард түмэн хоорондын харилцаа, эрүүл мэнд, цахим аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон Ираны цөмийн асуудал, Афганистан, Солонгосын хойгийн асуудал, Мьянмарын нөхцөл байдлын талаар талууд хэлэлцэж, дээрх чиглэлд харилцаа холбоотой ажиллахаар тохиролцжээ.