Исланд улсын “Фаградалсфьял” галт уул дэлбэрчээ

Исландын нийслэл Рейкьявик хотын баруун өмнөд хэсэгт оршдог “Фаградалсфьял” галт уул дэлбэрсэн тухай тус улсын Цаг уурын газар мэдээллээ. Орон нутгийн цагаар баасан гарагийн 20:45 цагт эхэлсэн дэлбэрэлтийн улмаас ууланд 500-700 метрийн хагарал үүсжээ. Сүүлийн 800 жилийн хугацаанд анх удаа энэ хойгт галт уул дэлбэрч байгаа юм байна. Тус улсын цаг уурын газрын мэдээлснээр, Исландад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд 40 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. 2010 онд Исландад оршдог “Эйяфьятлайокуль” галт уул дэлбэрсний улмаас Европ даяар агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсооход хүрч байсан бол энэ удаад “Фаградалсфьял” уулын дэлбэрэлтээс их хэмжээний үнс, утаа ялгарах төлөвгүй байгаа тул нисэхийн салбарт саатал учруулах магадлал бага юм байна.