ДЭМБ-ын зөвлөх зөвлөл “Астразенека” компанийн гарган авсан вакцины мэдээлэлд үнэлгээ хийсний дүнд тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад уриалжээ. Хэдийгээр ДЭМБ тус вакциныг тариулсан зарим хүнд цусны бүлэгнэл үүссэнд санаа зовниж байгаа боловч одоогийн мэдээллээр вакцин хийлгэсэн дийлэнх хүмүүст уг эрсдэл үүсэхгүй байгааг харгалзан энэхүү дүгнэлтэд хүрчээ. Мөн улс орнуудад вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом уриалж, “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг тэгш хуваарилах “КОВАКС” механизмд тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгийг мэдэгджээ. Европын Эмийн агентлаг “Астразенека” компанийн вакциныг аюулгүй гэдгийг өнгөрөгч пүрэв гарагт мэдэгдсэний дараа ХБНГУ, Франц тэргүүтэй хэд хэдэн орон дархлаажуулах аянаа тус вакцинаар үргэлжлүүлэхээр болоод байгаа юм.
