Серена Уильямс найм түрүүлсэн тэмцээнээ тав дахиа өнжинө 

Америкийн алдарт теннисчин Серена Уильямс нутгийнхаа Флорида мужийн Делрей Бич хотноо зохион байгуулагдах Майами Опен тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр амны хөндийд хийлгэсэн мэс заслын улмаас оролцохгүй гэж Ассошиэйтед Пресс мэдээллээ. Их дуулга тэмцээний 23 удаагийн аварга, 39 настай Серена тус тэмцээнд найман удаа түрүүлсэн намтартай. Тодруулбал 1998 оноос хойш 18 удаа оролцож, 4 удаа өнжсөн. Улмаар 10 удаа шөвгөрч хоёр удаад дэд байр эзэлж байв. Тус тэмцээний тоглолтууд орон нутгийн цагаар 22-оос ирэх сарын дөрвөн хүртэл үргэлжлэх юм. Энэ жилийн тэмцээнд Серена Уильямсаас гадна өвдөгтөө мэс засал хийлгэсэн Рожер Федерер оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол булчингийн бэртэлтэй байсан эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлэгч Новак Жокович мөн өнжихөөр болсон. Рафаель Надаль ч нурууны бэртлийн улмаас Майами Опен тэмцээнд оролцохгүй болоод байна. Тус тэмцээн өнгөрсөн жил цар тахлын улмаас явагдаагүй билээ.