Маркус Рэшфордыг ерөнхий сайдынхаа хаалгыг цөм өшиглөж буйгаар зуржээ 

Английн Манчестер Юнайтед хөл бөмбөгийн клубийн тоглогч Маркус Рэшфорд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсоны албан тасалгааны хаалгыг цөм өшиглөж буй сэдэвт бүтээлийг нэр нь үл мэдэгдэх нэгэн зураач Манчестер хотноо, түүний клубийн Олд Трэффорд цэнгэлдэхийн ойролцоох ус зайлуулах сувгийн эрэг дэх тоосгон хананд туурвижээ. Энэ нь тус улсын засгийн газрын ядуу өрхийн хүүхдүүдэд зориулсан хүнсний тусламжийн бодлоготой холбоотой юм байна. Тодруулбал цар тахлын үед хүүхдүүдэд хүргэх хүнсний илгээмжийг сайжруулж, өргөжүүлэхэд шахалт үзүүлж буй дүр байдлыг Маркус Рэшфордоор төлөөлүүлжээ. Хар цагаан зурагт харуулснаар Рэшфорд Английн шигшээ багийн өмсгөлтэй, баруун хөлөөрөө өшиглөж буй мэт хөлөө өргөн зогссон, түүний дэргэд олон хүүхэд эвдэрсэн хаалгаар шагайн харж буй мэт байна. Мөн зургийн наана Их Британийн ерөнхий сайдын албан тасалгааны хаяг хэмээх алдартай Даунинг Стрийтийн 10 дугаартай хар хаалгыг хэвтүүлэн байрлуулсан нь энэхүү зураг засгийн газартай холбоотой гэдгийг тодорхой илтгэж байгаа юм.