ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр буюу энэ даваа гарагт БНХАУ-ын өмнөд нутгийн Гуйлинь хотод ажлын айлчлал хийж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийж байгаа юм байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газрын дарга Мария Захаровагийн мэдэгдсэнээр, Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус хотод хоёр өдрийн айлчлал хийнэ. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 20 жилийн ойд бэлтгэх ажил, хоёр улсын харилцааны өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй хэлэлцэж, цаашдын хөгжлийн хэтийн төлөвт онцгой анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа юм. Талууд мөн дэлхийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцож, “Ковид-19” цар тахлын нөхцөлд Москва, Бээжингийн үйл ажиллагааг уялдуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д хоёр өдөр айлчилсныхаа дараа БНСУ-д хүрэлцэн очих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Тэрбээр ОХУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Солилцооны жилийг нээх ёслолд оролцож, БНСУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзана.
