“Ковид-19” халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу УОК өчигдөр хуралдсан. Хуралдааны үеэр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Нөхцөл байдал хүндэрч байгаа учир гуравдугаар сарын 29-ний өдөр хүртэл шар түвшнээс улбар шар түвшинд шилжиж ажиллаж байгаа. Цаашид хатуу хөл хориог тогтоохгүйгээр дөрөвдүгээр сарын 5-н хүртэл одоо байгаа улбар шар түвшиндээ байна. Харин аж ахуйн нэгжүүдэд тусгайлсан зохицуулалт, хийнэ. Үйлдвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд болон цаг зарим зохицуулалтыг хийх, халдвар хамгааллын дэглэмийг баримталж биелүүлэх тал дээр анхаарч ажиллах, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл гаргахгүй байхаар зөвлөмж, зөвлөгөөнүүдийг гаргахаар шийдвэрлэсэн. Маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газар, УОК-ын зүгээс аль болох аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр ажиллаж байна. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч явуулын эмчилгээний багийг гаргах ажлууд зохион байгуулагдаж эхэлсэн учраас хатуу хөл хориог зохион байгуулахгүй гэж үзлээ” гэсэн юм.