Их Британи-Шведийн “Астразенека” компани, Оксфордын их сургуулийн гарган авсан “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин АНУ, Чили, Перу улсад явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар өндөр үр дүн үзүүллээ гэж тус компанийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ. Тус вакцин нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг 79 хувийн үр дүн үзүүлсэн бол өвчин хүндрэхээс 100 хувь хамгаалж, 65-аас дээш насны өвчтөнүүдийн дунд 80 хувийн үр дүн үзүүлсэн байна.Тус компани вакцинаа АНУ-д бүртгүүлэх баримт бичгийг “ойрын хугацаанд” бэлтгэнэ гэж мэдээлэлдээ онцлон тэмдэглэжээ. Гурав дахь шатны туршилтад 32 400 хүн оролцсон бөгөөд судалгаанд оролцогчдын 141-д нь халдварт өвчний шинж тэмдэг илэрчээ. “Астразенека” компанийн вакциныг Их Британи, ЕХ болон бусад орон дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа бол АНУ-д хараахан бүртгээгүй байгаа юм.
