Малайзын эрх баригчид “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцин хийлгэсний дараа эмнэлэгт хүргэгдсэн тохиолдолд 50 мянган ринггит буюу 12 100 гаруй ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон байна. Тус улсын Эрүүл мэндийн сайд Адхам Баба Малайзын Засгийн газар 2.4 сая ам.долларын тусгай сан байгуулсан гэж мэдэгдсэн бөгөөд тэрбээр "Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдолд 50 мянган ринггит төлнө. Хөгжлийн бэрхшээлтэй болсон эсвэл нас барсан тохиолдолд хэмжээ нь 10 дахин нэмэгдэнэ" гэж мэдэгджээ. Энэхүү нөхөн төлбөр нь Малайзын иргэд төдийгүй тус улсад байнга оршин суудаг гадаадын иргэдэд мөн хамаатай юм байна. Одоогийн байдлаар Малайзын эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөртөө “Пфайзер-Бионтех”, “Синовак Биотех” компанийн вакциныг хэрэглэж байгаа бөгөөд нэмэлтээр “Астразенека” компанийн вакциныг худалдаж авчээ. Үүнээс гадна Оросын шууд хөрөнгө оруулалтын сан "Спутник Ви" вакциныг нийлүүлэх гэрээг Малайзын “Дуофарм СДН БХД” компанитай өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлчээр байгуулсан байна.
