Австрали улсад 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбоотойгоор 18 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна. Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн 6 өдөр 900 мм хур тунадас унаж, тус газар байгалийн гамшигт хамгийн ихээр өртжээ. Порт-Маккуори, Тари, Кемпси хотоос 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Сидней хотын баруун бүсээс 3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гатлага хөлөг онгоцны үйлчилгээг зогсоожээ. Түүнчлэн байгалийн гамшигт хамгийн их өртсөн хотуудын зам, гүүрийн тээврийн хөдөлгөөнийг хааж, 130 гаруй дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ. “Цаг агаарын таагүй нөхцөл байдал лхагва, пүрэв гарагт хүртэл үргэлжилж магадгүй байна.” хэмээн Шинэ Өмнөд Уэльсийн тэргүүн сайд анхааруулжээ.