Ирэх 10 жилийн хугацаанд зэсийн хомсдол үүсэх магадлалтай

Ирэх 10 жилийн хугацаанд дэлхий дахинд зэсийн хомсдол үүсэх магадлалтай гэж “Trafigura Group”-ийн шинжээчид тооцоолжээ. Тус шинжээчид 2030 он хүртэлх хугацаанд жилд 4.7 сая тонн зэсийн хомсдол үүсэх магадлалтай бөгөөд уг хомсдлыг нөхөхийн тулд 100 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэж үзээд байна. Түүнчлэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол хомсдол 10 сая тонн хүрэх магадлалтай бөгөөд энэхүү хомсдолыг нөхөхийн тулд Чили улс дахь дэлхийн хамгийн том “Эскондида” уурхай шиг найман уурхай барих шаардлагатай болох юм. Энэ нь цахилгаан автомашины үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчинд шилжилтэд голлон ашиглагдах металл болох зэсийн эрэлт огцом өсөж байгаатай холбоотой юм байна. Мягмар гарагийн өглөөний байдлаар Лондоны Металлын биржид зэсийн үнэ 0.03 хувиар өсөж, тонн нь 9097.5 ам.доллар болоод байна.