Олимпын үеэр ажиллах бусад орны зөвхөн “тусгай” сайн дурынхныг Японд нэвтрүүлнэ

Цар тахлын улмаас олимп, паралимпын наадмын үеэр олон улсын үзэгчдийг Япон руу нэвтрүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа “Токио 2020”-ийн зохион байгуулах хороо мөн зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээс бусад гадаад орны сайн дурынханд мөн хориг тавьж буйгаа зарласан байна. “Токио 2020” наадмын гүйцэтгэх захирал Тоширо Муто жуулчдад хориг тавьсан шийдвэртэй холбоотойгоор сайн олимпын сайн дурынхныг ч мөн хүлээн авахаас татгалзсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд “Зарим нэг тусгай шаардлагатай гадаад улсын иргэдийг нэвтрүүлэх арга хэмжээ авна” гэжээ. Энэ нь тодорхой спортоор тусгай мэдлэгтэй, мэргэшсэн сайн дурынхны тухай бөгөөд тэдгээр хүмүүст тухай бүрд нь хариу мэдэгдэх юм байна. Олимпын наадмын сайн дурынхны хувьд баг тамирчид болон зочдод хэлмэрчлэх, замчлах гэхчилэн зорчих болон зохион байгуулалттай холбоотой бүхий л зүйлсийг хариуцаж ажилладаг юм. Энэ нь олимпын наадмын нэгэн чухал уламжлал бөгөөд их дээд сургуулийн оюутнуудаас эхлээд тэтгэвэрийн насныхан хүртэлх олон хүн дэлхийн өнцөг булан бүрээс цугладаг байна. Мөн тамирчдын гэр бүлийн тухайд одоогоор хараахан нэгдсэн шийдвэр гараагүй ч бусад орны үзэгчидтэй адилхан түвшинд авч үзэх магадлалтай тухай Муто нэмж хэлсэн байна.