Роберт Левандовски Польш улсын төрийн одонгоор шагнуулжээ

Германы Байерн Мюнхен хөл бөмбөгийн клубийн тоглогч Роберт Левандовскиг Польш улсын ерөнхийлөгч хүлээн авч хүндэтгэл үзүүлэн тус улсын төрийн дээд шагнал “Дахин төрөлт одон”-гоор шагнажээ. 1921 оноос эхтэй тус шагналыг улсынхаа боловсрол, шинжлэх ухаан, спорт, соёл урлаг, эдийн засаг болон зэвсэгт хүчний салбарт онцгой гавьяа байгуулсан иргэд, албан хаагчдад болон гадаадын иргэдэд мөн гардуулдаг юм байна. Өмнө нь тус одонг Польш улсын анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч асан Лех Валенса, АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч асан Дуайт Эйзенхауэр нар хүртэж байжээ. Мөн БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал БНПАУ-аас тус шагналыг хүртэж байсан юм байна. Одоо 32 настай довтлогчийн байрлалд тоглодог польш хөл бөмбөгчин Роберт Левандовски 2014 оноос хойш Байерн Мюнхен клубийн төлөө тоглож байгаа бөгөөд энэ хугацаанд Германы Бундеслигийн аваргаар зургаан жил дараалан тодорч, Германы цом тэмцээнд гурав түрүүлэн, Супер цомын тоглолтод дөрөв ялсан байдаг. Ялангуяа өнгөрсөн жил ЕХБХ-ны Аваргуудын лигт түрүүлж, мөн Супер цом өргөн, Клубуудын ДАШТ-д багтайгаа манлайлсан. Одоо ч Байерн Мюнхен клуб Бундеслигт цомоо хамгаалахаар 26 тоглолтын дараах байдлаар хүснэгтийг дөрвөн онооны зөрүүтэй хошуучилж байлаа. Түүний Бундеслигт сүүлийн долоон улирлын тавд нь хамгийн олон гоол оруулсан хувийн амжилт төдийгүй ялангуяа өнгөрсөн жил Германы лиг төдийгүй Аваргуудын лигт оруулсан гоолын тоо, гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлтээрээ тэргүүлж, багийнхаа хамт зургаан цом өргөсөн амжилт нь түүнд Европ тив төдийгүй Дэлхийн шилдэг хөл бөмбөгчний шагналыг дагуулсан юм. Мөн түүний бүрэлдэхүүнд нь тоглож буй Польшийн хөл бөмбөгийн шигшээ баг ЕАШТ-ий сонгон шалгаруулалтад хэсгээ тэргүүлэн үндсэн тэмцээний эрхээ аваад байгаа. 2005 онд Польшийн нийслэлийн Дельта Варшав багаас мэргэжлийн замналаа эхлүүлж байсан тэрбээр дараа нь нутгийнхаа гурван ч клубд хүчин зүтгэж байгаад 2010 онд Германы Бундеслигийн Боруссия Дортмунд багийн тоглогч болж байлаа. Тэрбээр Германд хоёр клубд тоглохдоо нийт 512 тоглолтод оролцож 391 гоол оруулжээ. Ялангуяа Байерн Мюнхений төлөө 325 тоглолтод 288 гоол толилуулсан байна. Харин мэргэжлийн замналдаа 692 тоглолтод 478 гоол оруулсан үзүүлэлттэй (2021 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар) байна. Тэрбээр шагнал гардсаныхаа дараа “Би хичнээн цом өргөсөн нь чухал биш. Яг одоо миний хүсэл эрмэлзэл үнэхээр их байна. Цаашдаа ч амжилтаа үргэлжлүүлэхийг хүсэж байна” хэмээн хэлжээ. Ташрамд дуулгахад Польшийн шигшээ баг ирэх 26-нд “Катар 2022” хөл бөмбөгийн ДАШТ-ий Европын бүсийн сонгон шалгаруулалтын тоглолтоо эхлүүлж, хэсгийн эхний тоглолтоо Унгарын багтай хийх юм. Үүнтэй холбоотойгоор Польшийн ерөнхий сайд ХБНГУ-ын канцлер Ангела Меркелтэй утсаар ярьж Левандовски болон өөр нэг шигшээ багийн тоглогчоо Английн багтай хийх тоглолтын дараа эргэн Германд очиход нь цар тахлын хязгаарлалтаас чөлөөлөхийг хүссэн байна. Тодруулбал Польшийн баг энэ сард Унгараас гадна, 29-нд Андоррагийн багтай талбайдаа тоглох бол дөрөвдүгээр сарын нэгэнд Английн багийн талбайд зочилно. ХБНГУ цар тахлаас, ялангуяа Англид анх бүртгэгдсэн шинэ хувилбарын тархалтаас сэргийлэн тус улсын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх журам гаргасантай холбоотойгоор ЕХБХ-ны клубуудын Аваргуудын лигийн хүрээнд Английн баг Герман улсад зочлох тоглолтууд Унгарт болж байсан билээ. Левандовскигоос гадна Херта Берлин клубийн тоглогч Кшиштоф Пёнтек мөн шигшээ багтаа тоглохоор болсон. Өөрөөр хэлбэл тэд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан Английн багийн эсрэг талбайд тоглосон тохиолдолд клубдээ эргэн нэгдээд тусгаарлалтын улмаас Бундеслигийн тоглолтуудыг өнжих магадлалтай гэсэн үг юм. Польшийн хөл бөмбөгийн холбооноос тэднийг Англи руу явахаар болсон гэдгийг баталсан байна. Мөн Францын спортын яам ч ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудад оролцох бусад орны тоглогчдыг хорио цээрийн дэглэмийг мөрдөхгүй байх боломж олгожээ. 

 

Бэлтгэсэн: Э.Энхбаяр