Эль Сальвадорын серфингийн тамирчин, “олимпын найдвар” бүсгүй аянганд цохиулан амиа алджээ

Эль Сальвадорын серфингийн тамирчин, олимпын найдвар гэгддэг байсан Катерине Диаз бэлтгэлийнхээ үеэр аянганд цохиулж таалал төгсжээ. Дөнгөж 22 настай байсан тэрбээр нутагтаа болох олимпын наадмын эрхийн төлөөх олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байсан юм байна. Токио 2020 наадамд анх удаа серфингийн төрөлд олимпын хөтөлбөрт багтаж, медалийн төлөө тамирчид өрсөлдөхөөр болсон юм. Талийгч Эль Сальвадор улсын нийслэл төдийгүй хамгийн олон хүн амтай Сан Сальвадор хотоос өмнө зүгт 16 км-ийн зайд орших Эль Тунко далайн эрэгт бэлтгэлээ базаахаар дөнгөж усанд ортол аянганд цохиулсан гэж дотоодын хэвлэлүүдэд мэдээлжээ. Улмаар сальвадорчууд өнгөрсөн 19-ний баасан гарагт Төв Америкийн орны хамгийн ирээдүйтэй сөрфингийн тамирчдын нэгээ эцсийн замд нь үдсэн байна. Талийгаачийг оршуулах ёслолын үеэр түүний ах Хосе Диаз Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Тэр хамгийн дуртай зүйлээ хийж байгаад далайд үхэхийг хүсдэг тухайгаа ярьдаг байсан юм.” хэмээжээ.