Хонконгийн сонгуулийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан хүний тоо 2.4 саяд хүрчээ

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг дэмжсэн 2.4 сая орчим иргэн гарын үсгээ зуржээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны Хонконг дахь төлөөлөгч Тань Яожун “Энэ тоо 7.5 сая хүн амтай Хонконг ямар санал, бодолтой байгааг илтгэж байна” гэж мэдэгджээ. Хонконгийн сонгуулийн тогтолцоог сайжруулах хуулийн төслийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Дөрөвдүгээр чуулганы сүүлийн өдөр баталсан бөгөөд 3 дугаар сарын 11-нд эхэлсэн гарын үсэг цуглуулах кампанит ажил өнгөрөгч ням гарагт дуусгавар болжээ. Эх газрын Хятадын эрх баригчдын санаачилсан сонгуулийн шинэчлэл нь Хонконгийн сонгогчдын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг бий болгох арга замыг сайжруулах, тоог нь 1200-1500 болгож өргөжүүлэх тухай дурдагдаж байгаа юм. Сонгогчдын төлөөлөгчид нь Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгоод зогсохгүй Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн дийлэнх хэсгийг сонгодог байна. Үүний зэрэгцээ нэр дэвшигчдэд тавих хяналтыг чангатгаж, хууль тогтоох зөвлөлийн гишүүдийн тоог одоогийн 70-90 болгож нэмэгдүүлэх юм.