Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, “худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйл нэмсэн. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн “гүтгэх” гэх зөрчлийг хүчингүй болгож, хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төрд халдаж, үндэслэл нотолгоогүйгээр илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалахаар болсон. Засгийн газраас тухайн үед УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний нэр төрөө хамгаалуулах эрхийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, аль нэг эрх нөгөөгөөсөө болж зөрчигдөхөөс хамгаалсан тайлбар байсныг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн саналаар хассан юм.Уг хасагдсан тайлбарт гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллагыг тооцохгүй байх, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийн хувь хүнийх нь нэр төрд халдсан бус, зөвхөн эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд олж авсан эрх мэдэлтэй нь холбогдуулж хардаж сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар заасан байсан байна.Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хуулийн төсөл нь нийт 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хоёр хэсэг тайлбар нэмэхээр тусгажээ.
Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй байхаар зохицуулсан байна.
Хоёрдугаарт, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ.