БНСУ-ын ерөнхийлөгч “Астразенека” компанийн вакцин тариулжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Астразенека” компанийн “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакцины эхний тунг өчигдөр хийлгэжээ. Тэрбээр Их Британид болох “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнээс өмнө вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай юм. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сөүл хотын Чонно дүүргийн эрүүл мэндийн төвд гэргий Ким Жон Сук болон ирэх зургаадугаар сард Их Британи руу дагалдан явах Хөх ордны есөн төлөөлөгч өглөөний 9 цагийн үед эрүүл мэндийн төвд очин, халуунаа шалгуулсны дараа вакцин хийлгэжээ. “Астразенека” компанийн вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг харгалзан 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулах хугацааг түр хойшлуулаад байсан БНСУ-д өчигдрөөс энэ бүлгийн хүмүүсийг дархлаажуулж эхэлж байгаа юм. БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тус вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй байгааг мэдэгдсэн бөгөөд “Астразенека” вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай хийлгэх шаардлагатай байна.