БНХАУ-ын Гуанжоу хотод тэсрэх бөмбөг дэлбэрч таван хүн амиа алдлаа 

БНХАУ-ын өмнөд нутгийн Гуанжоу хотод амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэний улмаас таван хүн амиа алдаж, таван хүн шархадсан тухай тус хотын цагдаагийн газар мэдээлжээ. Дэлбэрэлт өнгөрөгч даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 10 цагт болсон байна. Сэжигтэн болох Ху овогт 59 настай эрэгтэй тосгоны хорооны хурал болж байсан барилгад гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмжийг дэлбэлжээ. Хэргийн газар аврах ажиллагаа явуулж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд Эх газрын Хятадын хэвлэл мэдээллийн хуудсаар гэмт этгээд газраа хураалгасан тул ийм хэрэг үйлдэх сэдэл болсон байж болзошгүй байна гэж мэдээлжээ. Тус бүс нутгийн 250 га талбайд дэд бүтэц, орчин цагийн барилга барих болон аялал жуулчлалын цэг болгохоор 8 тэрбум юаныг БНХАУ-ын засгийн газраас төсөвлөөд байгаа юм.