Казахстаны Байконур сансрын буудлаас ОХУ-ын “Союз 2.1а” пуужингаар өнгөрөгч даваа гарагт хөөргөсөн бүх хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай орсон талаар эх сурвалж мэдээлжээ. ОХУ-ын пуужингаар 18 улсын 38 хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд “Фрегат” хурдасгуурын тусламжтайгаар тойрог замд оруулсан байна. Хиймэл дагуулуудыг Москвагийн цагаар өчигдөр өглөө 09 цаг 07 минутад хөөргөжээ. “Союз-2.1а” пуужингаар БНСУ-ын ажиглалтын хиймэл дагуул болох "CAS500-1", сансрын хог хаягдлыг цэвэрлэх зориулалттай Японы “ELSA-d” болон тандалт судалгааны “GRUS” аппарат, Саудын Арабын харилцаа холбооны “NAJM-1” жижиг хиймэл дагуул, мөн Берлиний Техникийн Их сургуулийн холбооны хиймэл дагуулууд багтжээ. Түүнчлэн ОХУ-ын Үндэсний Судалгааны Эдийн Засгийн Их Сургуулийн анхны хиймэл дагуул, тус их сургуулийн "Сириус" боловсролын төвтэй хамтран бүтээсэн хиймэл дагуул, "Спутникс" компанийн "Орбикрафт-Зоркий" болон бусад төхөөрөмж Байконур сансрын буудлаас тойрог зам руу орсон байна.
