Израилд сүүлийн хоёр жилийн хугацаанд явуулж байгаа дөрөв дэх парламентын сонгуульд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ялалт байгуулснаа зарлажээ. Хэдийгээр санал асуулгын дүнгээр Биньямин Нетаньяхугийн “Ликүд” нам олонхын суудал авч чадахгүй байх төлөвтэй байгаа ч тэрбээр үл харгалзан ийнхүү мэдэгдсэн байна. “Ликүд” нам болон түүний эвслүүд парламентын 120 суудлын 54-ийг авах төлөвтэй байгаа бол Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг албан тушаалаасаа буухыг уриалж байгаа намууд 59 суудал авах магадлалтай байна. Үлдсэн 7-8 суудлыг авах төлөвтэй байгаа Нафтали Беннеттээр удирдуулсан “Яамина” нам Засгийн газрын дараагийн тэргүүнийг сонгоход голлох үүрэг гүйцэтгэх магадлалтай байгаа ч аль талыг дэмжихээ хараахан мэдэгдээгүй байгаа юм. Харин Израилын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, “Ковид-19”-ийн халдварын хязгаарлалтуудын улмаас саналын хуудсын тооллого өнөөдөр шөнө дунд хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.
