Европын Холбоо Мьянмарын нэр нөлөө бүхий хүмүүст хориг тавилаа 

Европын Холбоо Мьянмарт гарсан цэргийн эргэлттэй холбоотой 11 хүнд хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзах үеэрээ дээрх хүмүүст хилийн хориг тавьж, хөрөнгийг нь царцаахаар тохиролцжээ. 27 гишүүнтэй тус Холбоо Мьянмарын зэвсгийн наймаанд хэдийн хориг тавьсан бөгөөд цэргийн өндөр албан тушаалтнуудад 2018 оноос хойш хориг арга хэмжээ аваад байгаа юм. Европын Холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан дарга Жозеп Боррель“Бид цэргийн эргэлт гаргах, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхэд оролцсон 11 хүний эсрэг хориг арга хэмжээ авна” гэж  мэдэгдсэн бол Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маасын “Ардчиллыг дэмжигч жагсагчдын эсрэг хүч хэрэглэх явдал байж боломгүй түвшинд хүрлээ” гэж мэдэгдсэн байна. Европын Холбооноос хориг тавьсан хүмүүст Мьянмарын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аунг Хлаин, цэргийн эргэлтээс хойш Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж буй Мьин Шве тэргүүтэй нэр нөлөө бүхий хүмүүс багтжээ. Европын Холбоо цаашид хариу арга хэмжээнүүдээ чангатгаж, хөрөнгө оруулагчид, банкуудыг Мьянмарын Зэвсэгт хүчинтэй  холбоотой компаниудтай хамтран ажиллахыг хориглоно гэж тус холбооны дипломатчид мэдээлсэн байна.