Златан Ибрахимович шигшээ багтаа эхний бэлтгэлээ хийжээ 

Шведийн хөл бөмбөгийн шигшээ багийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогч, өдгөө 39 настай Златан Ибрахимович энэ сарын сүүлээр болох ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудад оролцохоор багийнхаа бүрэлдэхүүнд эхний бэлтгэлээ хийжээ. Өөрөөр хэлбэл таван жилийн өмнө шигшээ багаасаа зодог тайлж байсан тэрбээр дасгалжуулагч Янне Андерссоны бүрэлдэхүүнд багтан Гүрж, Косовогийн багуудын эсрэг тоглохоор болсон юм. Одоогоос 20 жилийн өмнө анх шигшээдээ тоглож эхэлсэн Ибрахимович 2016 оны ЕАШТ-д баг нь хэсгийн шатнаас хасагдсанаас хойш тоглоогүй. Тэрбээр шигшээ багтаа нийт 116 олон улсын тоглолтод оролцож 62 гоол оруулсан үзүүлэлттэй байгаа. Тэрбээр энэ улирал Милан клубийн төлөө Сери А-гийн 15 тоглолтод 15 гоол оруулаад байна. Златан Ибрахимович шигшээ багийнхан бүрэлдэхүүнд нэгдсэн тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Шигшээ багтаа тоглоно гэдэг хөл бөмбөгчин хүний хувьд миний хийж чадах хамгийн том зүйл. Би ч дотроо тэдэнд тусалж чадна. Ямар нэгэн зүйл хийж чадна гэж бодсон. Гэхдээ мэдээж энэ зөвхөн надаас шалтгаалах зүйл биш. Улсынхаа төлөө тоглох боломжийг би нэр төрийн хэрэг хэмээн хүлээн авч байгаа. Бас зөвхөн энэ хангалтгүй. Би энд байгаадаа л баяртай байгаа юм шиг сонсогдож мэдэх ч үнэндээ хэрэв би дасгалжуулагч, багийнхандаа, эх орондоо сайн үр дүн авчирвал баярлана. Харин үр дүнгүй бол юу ч биш.” хэмээн ярьсан байна. Шведийн шигшээгийн ирэх өдрүүдэд хийх ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр тоглолтын хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулбал маргааш шөнө 03:45-аас талбайдаа буюу Сольна хотын цэнгэлдэхэд Гүржийн багийн эсрэг хийх тоглолт эхэлнэ. Улмаар ирэх ням гарагийн шөнө 02:45-аас Косовогийн талбайд зочлон тоглох юм. 

III/26 - Швед /03:45/ Гүрж 

III/29 - Косово /02:45/ Швед