Масао Хашимото хэмээх 71 настай энэ хүн олимпын галт бамбарын буухиад оролцон барьж гүйхийг мөрөөддөг байжээ. Тэрбээр өмнө нь 1964 онд Токио хотноо олимпын наадам зохион байгуулагдахад бамбар барьсан хүний ард нь гүйсэн юм байна. Харин энэ удаад түүний мөрөөдөл биелжээ. Тэрбээр “Би 1964 оны Токиогийн олимпын бамбарын буухиад туг барин дагалдан гүйгчээр оролцож байсан. Үнэндээ би бамбар барихыг хүсэж байлаа. Тухайн үед зөвхөн ахлах ангийн сурагчид л бамбар барих боломжтой байсан учир дунд сургуульд сурдаг байсан би чадаагүй. Гэхдээ манай сургуулиас ердөө зургаан хүн л гүйлтэд сонгогдсон болохоор миний хувьд сайхан дурсамж болж үлдсэн юм” хэмээн ярьсан байна. Энэ удаад Масао Хашимото цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон олимпын наадмын галт бамбарыг буухиа аялалынх эхний өдөр барьж гүйх хүмүүсийн нэг болсон байна. Дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх олимпын бамбарын аялал Япон улсын 47 мужийг дамжиж, 10.000 хүн буухиа гүйлтэд оролцох юм байна. (Маршрутыг эндээс харна уу: http://mongoltv.mn/post/63668) 10 жилийн өмнө тус улсын Фүкүшима мужид болсон байгалийн гамшиг, цөмийн цахилгаан станцын ослын улмаас 20.000 хүн амиа алдаж, хэдэн арван мянган хүн орон гэрээ орхин дүрвэсний нэг нь болох Масао Хашимото одоог хүртэл эргэн Фүкүшима руу нүүгээгүй байна. 1964 онд Ази тивийн орнуудаас Япон улс анх удаа олимпын наадмыг зохион байгуулсан түүхтэй.
Ташрамд дуулгахад олимпын бамбарын буухиа аялалын эхний гүйгчдийн нэгээр тодроод байсан 2011 онд ДАШТ-ий аварга, Японы хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Хомаре Сава оролцохоо больсон тухай зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Түүний дасгалжуулагчаар ажиллаж байсан Норио Сасаки түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас түдгэлзсэн гэж хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлажээ.