ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо цар тахлын эсрэг арга хэмжээг чанд сахин 800 үзэгчид дотоодын волейболын тэмцээнийг үзэх боломж олгосон нь өнгөрсөн 10-р сараас хойш анх удаа Макс Шмеллинг спорт ордонд үзэгчтэй тоглолт зохион байгуулсан тохиолдол болжээ. Германы волейболын Бундеслигийн багуудын хагас шигшээ цуврал тоглолтын тасалбарыг цахимаар захиалах үнэ 25 евро байсан юм байна. Гэхдээ тасалбарын эзэд тус спортын ордон дахь коронавирусний шинжилгээ авах явуулын цэгт сорил өгч, улмаар сөрөг гарсан тохиолдолд тоглолт үзэх боломжтой байжээ. Саяхан мөн Германы хойд нутгийн Росток хотноо болсон хөл бөмбөгийн тоглолтод мөн ийм дүрэм журмын дагуу 777 үзэгч хүлээн авсан юм байна. Волейболын тоглолт үзсэн нэгэн дэмжигч “Бид эхлээд шинжилгээнд хамрагдаад дараа нь хол зайтай сууцгаана. Энд нийтийн тээвэр эсвэл галт тэргээр ирэх нь их эрсдэл дагуулж байгаа гэж бодож байна.” гэсэн бол өөр нэг үзэгч “Үзэгчдэд эхлээд шинжилгээнд хамрагдах боломж олгож байгаа нь зөв санаа гэж бодож байна. Бусад үйл ажиллагаануудад ч мөн ийм арга хэмжээ авах хэрэгтэй” гэж хэлжээ. Харин нэгэн дэмжигч тоглолтын өмнө “Үнэхээр сайхан байна. Би энэ өдрийг их хүлээж байлаа. Ганц айж байгаа зүйл нь шинжилгээний хариу эерэг гарч дараа нь тоглолт үзэж чадахгүй байх вий гэдэг л байна. Би бүтэн жилийн дараа спортын тоглолтыг дэргэдээс нь үзэж гэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.