Швейцарын хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Штефан Лихтштайнер нэгэн шинэ зүйлд өөрийгөө сорьж эхэлсэн нь цагчин юм байна. Нутгийнхаа Грассхоппер багаас мэргэжлийн замналаа 2001 онд эхлүүлж, улмаар Францын Лилль, Италийн Лацио, Ювентус, Английн Арсенал, Германы Аугсбург гээд Европын томоохон байгуудад тоглож явсан өдгөө 37 настай тэрбээр Швейцарын Цюрих хот дахь Морис де Мауриак хэмээх цагны үйлдвэрт хагас жилийн хугацаатай дадлагад гарчээ. Италийн Сери А-д Лациогийн төлөө 100, Ювентусын төлөө 201 тоглолтод оролцсон баруун жигүүрийн тоглогч тэрбээр өнгөрсөн жил “Евро 2020” тэмцээнд оролцоод замналаа өндөрлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас тус тэмцээн хойшлогдож, улмаар өнгөрсөн наймдугаар сард зодог тайлж байсан юм. Штефан Лихтштайнер 36 нас зургаан сартайдаа Бундеслигт тоглосон нь Аугсбург клубийн түүхэн дэх хамгийн ахмад тоглогч болж байлаа. Тэрбээр 2006-2018 оны хооронд Швейцарын шигшээ багийн төлөө 108 тоглолтод оролцжээ. Штефан Лихтштайнер “Өдийг хүртэл би хөл бөмбөг л тоглодог байсан. Одоо маш сайн багийн бүрэлдэхүүнд шинэ туршлага хуримтлуулж байна. Амьдралд шинэ зүйлс хэрэгтэй” хэмээн хэлжээ. Тэрбээр дадлагын хугацаандаа сайн үйлсийн хандивт зориулагдан борлуулагдах цагны үйлдвэрлэлд ажиллах юм байна. Мөн тэрбээр бүтэн цагаар цагчны ажлаа хийхэд бэлэн байгаа төдийгүй эргээд спортдоо орох эсэхээ хараахан шийдээгүй байгаа гэжээ. Штефан Лихтштайнер “Би зарим нэг хөл бөмбөгтэй ижил зүйл харсан. Хөл бөмбөгт багийнхан бүгд л сайн байхгүй бол ялалт байгуулдаггүй. Цаг ч гэсэн үүнтэй ижил. Бүх зүйл нь төгс биш бол цаг ажиллахгүй” гэсэн байна. Компанийн эзэн Леонард Драйфусс ажил хүсэж өргөдөл гаргасан хүмүүсийн дунд Лихтштайнер байсанд эргэлзэлгүй сонгож, анхны дадлагажигч ажилтнаа болгосонд сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна. Харин Лихтштайнер тус компанид хөрөнгө оруулах эсэхийг лавлахад “Бид алхам алхмаар хөдөлж, урт хугацаанд хамтран ажиллахыг төлөвлөж байгаа” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Массимо Драйфусс хариулжээ. Тэд анх 10-р сард Цюрих хотын ойролцоо нэгэн бизнес уулзалтын үеэр танилцжээ.