ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 76 жилийн ойн цэргийн парадад 12.5 мянга гаруй алба хаагч оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Ирэх 5-р сарын 9-нд болох цэргийн парадад 190 гаруй төрлийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 76 нисэх онгоц, нисдэг тэргийг оролцуулж, механикжсан цуваанд шинэ, орчин үеийн цэргийн 35 техник хэрэгслийг оролцуулна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Цаг тухай бүрд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, парадад оролцох цэргийн албан хаагчдын дунд “Ковид-19”-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэдгийг эх сурвалжууд мэдэгджээ. Түүнчлэн Ялалтын баярын цэргийн парадын бэлтгэлд вакцинд хамрагдсан аль эсвэл эсрэг биет үүссэн хүмүүсийг оролцуулж байгаа юм байна. Аугаа эх орны дайнд ялсны 76 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ 377 хот, суурин газарт зохион байгуулагдах бол цэргийн парад ОХУ-ын 28 хотод болох юм.
