БНЭУ-д “Ковид-19”-ийн давхар мутацид орсон шинэ хувилбар илэрсэн тухай эрх баригчид мэдэгджээ. Энэ хувилбар нь бусдаасаа илүү халдварлах чадвартай эсэхийг шинжээчид шалгаж байгаагаас гадна вакцинд тэсвэртэй байдлын түвшинг нь одоогоор судалж байгаа юм. Судлаачид БНЭУ-ын 18 мужаас авсан 11 мянган сорьцод дүн шинжилгээ хийхэд 736-аас нь Их Британийн хувилбараар халдварласан тохиолдол илэрсэн бол 34-өөс нь Өмнөд Африкийн хувилбараар халдварласан тохиолдол, Бразилын хувилбараар халдварласан нэг тохиолдол илэрсэн байна. Их Британи болон Өмнөд Африкийн хувилбарууд нь вирусийг илүү хурдан халдварлах чадвартай болгох цаашлаад үхэлд хүргэдэг байж болзошгүй юм. Харин давхар мутацид орсон хувилбар нь дархлааны тогтолцооноос бултаж, цар тахлын вирусийг илүү аюултай болгох магадлалтай гэж тус улсын вирус судлаач Шахид Жамил хэлжээ.