2022 онд Катарт болох хөл бөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд Тажикистан, Монголын шигшээ багууд хэсгийн зургаа дахь тоглолтоо хийлээ. Душанбе хотод болсон тус тоглолтод 3:0-ийн харьцаатай Тажикистаны баг хожсоноор Японы багаас хоёр оноо дутуу хэсэгтээ дэд байрт эрэмбэлэгдэх болсон юм. Монголын багийн хаалганд тоглолтын 4 дэх минутад Манучехр Жалилов зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг хаалганд мөргөн тоог нээж тоглолт 1:0-ийн харьцаатай завсарласан. Харин хоёрдугаар хагасын эхэнд мөн талбайн эздийн довтолгоо амжилтад хүрч, эхний гоолын эзний үеэл Алишер Жалилов удаах гоолыг толилуулсан бол 87 дахь минутад хурдтай сөрөг довтолгооноос Шахром Самиев онооны харьцааг 3:0 болгосон юм. Ийнхүү Тажикистаны баг зургаан тоглолт (3-1-2)-оос 10 оноотой хэсэгтээ байр ахилаа. Гэхдээ тэдний дээр эрэмбэлэгдэж байсан Киргизийн баг (2-1-2) хараахан зургаа дахь тоглолтоо Мьянмарын баг (2-0-3)-тай хараахан хийгээгүй байгаагийн зэрэгцээ Японы баг дөрвөн тоглолт л хийж бүгдэд нь хожсон 12 оноотой буюу Тажикистаны багаас хоёр тоглолт дутуу хийсэн үзүүлэлттэй байгаа юм. Харин Монголын шигшээ баг ийнхүү зургаан тоглолтоос гурван оноотой хэсгийн сүүлийн байрт бичигдэж ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хасагдлаа. Гэхдээ энэхүү тоглолтууд мөн 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд хамаатай. Монголын баг ирэх 30-нд Чиба хотноо Японы шигшээ багтай долоо дахь тоглолтоо хийнэ.