Монголын хөл бөмбөгийн шигшээ баг Японыг зорьжээ 

Монголын хөл бөмбөгчид Улаанбаатарын цагаар өчигдөр орой 21:00-ээс Тажикистаны багтай 2022 оны ДАШТ-ий болон 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийж 3:0-ийн харьцаатай хожигдол хүлээснээр зургаан тоглолтоос гурван оноотой хэвээр үлдсэн юм. Шинэ дасгалжуулагч Растислав Бозикын удирдлагад Монголын баг ОУХБХ /ФИФА/-ны чансаанд 70 байрын өмнө эрэмбэлэгдэж буй Тажикистаны баг (120-д)-тай тоглож тав дахь дараалсан хожигдлоо хүлээсэн юм. Одоо харин хэсгийн тэргүүлэгч Японы багтай нутаг нь тоглохоор тус улсыг зорьжээ. Өмнө нь Сайтама хотын цэнгэлдэхэд хоёр баг тоглоход талбайн эзэд зургаан гоол оруулж байсан юм. Тэд ДАШТ-ий урьдчилсан шатанд дөрвөн тоглолт хийхдээ бүгдэд нь хожиж, 13 гоол өрсөлдөгч (Мьянмар, Монгол, Тажик, Киргиз)-дийнхөө хаалганд оруулсан 100%-ийн амжилтын 12 оноотой хэсгээ тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл Монголын багийн өрсөлдөж буй Эф хэсэгт Японы баг тэргүүлэн гурав дахь шатанд өрсөлдөх эрхээ авах магадлал тун өндөр байна. Харин хэсэгтээ хоёрт эрэмбэлэгдэн (нийт найман хэсгийн хоёрдугаар байрын багуудаас эхний дөрөв нь гурав дахь шатанд шалгарах боломжтой) ДАШТ-ий сонгон шалгаруулалтаа үргэлжлүүлэхийн төлөө Тажикистан, Киргиз, Мьянмарын багууд өрсөлдсөн хэвээр байгаа юм. Харин Монголын багийн хувьд энэ удаагийн хожигдлын дүнд ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хасагдаж байгаа. Гэхдээ үлдсэн тоглолтуудад ААШТ-ий төлөө тэмцэнэ гэсэн үг юм. Тажикистаны эсрэг тоглолтод дасгалжуулагч Растислав Бозик дараах бүрэлдэхүүнийг тоглууллаа. 

Хаалгач: 

Э.Мөнх-Эрдэнэ (25 нас, Атл 220)

Хамгаалагч: 

О.Оюунбаатар (27 нас, УБ Сити)

Г.Төгөлдөр (26 нас, ХХ-Эрч)

Г.Билгүүн (29 нас, ХХ-Эрч)

Т.Хаш-Эрдэнэ (20 нас, Дэрэн)

Хагас хамгаалагч

С.Гал-Эрдэнэ (25 нас, ХХ-Эрч)

Г.Ганбаяр (21 нас, Пушкаш)

А.Дөлгөөн (20 нас, Дэрэн)

Х.Цэнд-Аюуш (31 нас, СП Фалк)

А.Нармандах (24 нас, УБ Сити)

Довтлогч

Н.Наранболд (29 нас, Атл 220)

Улмаар довтолгооны тоглогч О.Мижиддорж (24 нас, УБ Сити), Б.Балжинням (21 нас, УБ), М.Батхишиг  (26 нас, УБ) нарыг хоёрдугаар хагаст сэлгэж талбайд гаргасан. Тэгвэл Монголын багийн дараагийн өрсөлдөгч Азидаа чансаагаар тэргүүлж (дэлхийд 27-д) буй Японы шигшээ өчигдөр орой Йокохама хотдоо Өмнөд Солонгосын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тус тоглолтод оролцсон тоглогчдын жагсаалтыг танилцуулъя:  

Хаалганд: 

Шүичи Гонда (32, Шимизу С-Палс /Япо/), 

Хамгаалалтад: 

Маяа Ёшида (32, Сампдория /Ита/)

Шо Сасаки (31, Санфречче Хирошима /Япо/)

Такехиро Томиясу (22, Болонья /Ита/)

Мики Ямане (27, Кавасаки Фронтале /Япо/)

Хагас хамгаалалтад: 

Ватару Эндо (28, Штуттгарт /Гер/)

Дайчи Камада (24, Айнтрахт Франкфурт /Гер/)

Хидемаса Морита (25, Санта Клара /Пор/)

Такуми Минамино (26, Соутхэмптон /Анг/)

Жуня Ито (28, Генк /Бел/)

Довтолгоонд:

Юя Осака (30, Вердер Бремен /Гер/) 

Хамгаалагч: 

Рёя Огава (24, Токио /Япо/) 

Хагас хамгаалагч: 

Атару Эсака (28, Кашива Рейсол /Япо/) 

Кёго Фүрүхаши (26, Виссел Кобэ /Япо/) 

Хаяао Кавабэ (25, Санфречче Хирошима /Япо/)

Ясуто Вакизака (25, Кавасаки Фронтале /Япо/)

Довтлогч: 

Такүма Асано (26, Партизан /Срб/) 

Япон Монголын багуудын тоглолт Улаанбаатарын цагаар ирэх 30-ны 18:30-аас эхэлнэ. Ташрамд дуулгахад Монголын баг хэсгийн шатны тоглолтоо сүүлийн байраар өндөрлүүлбэл 2023 оны ААШТ-ий сонгон шалгаруулалтыг ирэх есдүгээр сард урьдчилсан плэй офф шатнаас эхлүүлнэ. Тус шат дотроо хоёр шаттай, 12 багаас 3 нь дараагийн шатанд шалгарах юм. Харин Монголын баг энэ удаад Эф хэсгийн сүүлийн байранд орохгүй тохиолдолд, ялангуяа гуравдугаар байр эзэлбэл ААШТ-ий урьдчилсан гурав дахь шатанд буюу мөн хэсгийн шатанд өрсөлдөх боломжтой.