МУГТ М.Уранцэцэг энэ сард хоёр дахиа их дуулга тэмцээнд түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны дөрөв дэх тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо үргэлжилж байна. “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох Тбилисийн их дуулга тэмцээнд 85 орны эрэгтэй 292, эмэгтэй 234 гээд нийт 526 жүдоч зодоглож байна. 

Монгол улсын багийн бүрэлдэхүүний мэдээллийг үзэх: 

http://mongoltv.mn/post/63579  

Тэмцээний эхний өдөр Монголын багаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нийт зургаан жүдоч хөнгөн жинд өрсөлдсөнөөс -48 кг-ийн жинд чансаагаараа дэлхийд дөрөвт, энэ тэмцээнд тэргүүлэн зодоглосон МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, улмаар эхний барилдаанаа итали жүдоч София Петиттотой хийн барилдаан эхлээд минут 28 секунд өнгөрч байхад цэвэр ялснаар хэсгийн аваргын төлөө тунасан юм. Түүний жинд 28 бөх барилдсан байна. 

М.Уранцэцэгийн София Петиттотой хийсэн барилдааны бичлэг: 

https://www.youtube.com/watch?v=YrMzm-On6qk&t=138s

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг өмнө нь 2019 онд Тбилисийн гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа. Улмаар М.Уранцэцэгийн удаах өрсөлдөгч нь Румины жүдоч Моника Унгуриану байлаа. ЕАШТ-ий хошой хүрэл медальт, 33 настай Моника Унгуриану 2016 онд Тбилисийн гран прид түрүүлж байжээ. М.Уранцэцэг түүнтэй өмнө нь 2019 онд Токиогийн ДАШТ болон Осакагийн их дуулгуудад таарахад аль алинд нь М.Уранцэцэг ялж байлаа. Энэ удаад ч тэрбээр барилдааны сүүлийн минут эхлэхийн өмнөхөн өчих мэхээр цэвэр ялжээ. Ийнхүү тэрбээр хагас шигшээд шалгарсан юм. 

М.Уранцэцэгийн Моника Унгурианутай хийсэн барилдааны бичлэг: 

https://www.youtube.com/watch?v=BpkVu0kgTD0&t=220s 

М.Уранцэцэгийн хагас шигшээн өрсөлдөгч нь Словенийн жүдоч Маруса Стангар байлаа. 23 настай, Европын наадмын хүрэл медальт словени жүдоч 2018 онд Тбилисийн гран при тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм байна. Хоёр жүдоч анх удаа халз барилдахад минут 20 секундийн дараа М.Уранцэцэг минут 10 секундийн өмнө цэвэр ялсан юм. Ийнхүү тэрбээр энэ онд төдийгүй энэ сард хоёр дахь тэмцээндээ шөвгөрлөө. М.Уранцэцэг энэ сарын эхээр Ташкентийн их дуулгад түрүүлж байсан бол нэгдүгээр сард Доха Мастерс тэмцээнд хүрэл медаль хүртсэн билээ. 

М.Уранцэцэгийн Маруса Стангартай хийсэн барилдааны бичлэг: 

https://www.youtube.com/watch?v=kFgmtJfgB0k&t=119s

М.Уранцэцэгийн сүүлийн өрсөлдөгч нь итали жүдоч Франческа Милани байлаа. Тэд хоёр долоо хоногийн өмнө Ташкентийн их дуулгад таарахад үндсэн цагт хэн нь ч оноо авалгүй, тус бүр нэг торгуультай тэнцэж, улмаар цаг сунган барилдахад манай жүдоч оноо авснаар ялалт байгуулж байсан юм. Тэгвэл энэ удаагийн барилдаан барилдаан эхлээд 35 дахь секундэд хоёр жүдочийн хэн хэнийг нь идэвхгүй барилдсан хэмээн торгуульсан. Мөн барилдааны дундуур М.Уранцэцэг өчих мэх хийх оролдлогынхоо үеэр баруун хөлийг өвдөгөө эвгүй болгочих шиг харагдаж байлаа. Улмаар барилдаанаа эргэн үргэлжлүүлсэн ч бага зэрэг доголж байсан юм. Гэсэн хэдий ч үлдсэн хугацаанд М.Уранцэцэг ээлж дараалан өрсөлдөгчөө хүнд байдалд оруулсаар цаг дуусахын өмнөхөн цэвэр ялалт байгуулж чадлаа. 

М.Уранцэцэгийн Франческа Миланитай хийсэн барилдааны бичлэг: 

https://www.youtube.com/watch?v=YGLAPvKTWuE 

Ийнхүү тэрбээр энэ сард хоёр их дуулга тэмцээнээс хошой алтан медаль хүртэж, нийт их дуулга тэмцээнд 18 дахиа (7-6-5) медалийн тавцанд гарлаа. Ялангуяа он гарснаас хойш Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал дөрвөн тэмцээний гуравт нь оролцохдоо бүгдээс нь медаль хүртэж, ялангуяа сүүлийн хоёрт нь түрүүллээ.