Б.Хорлоодойн эхний барилдаан 10 орчим минут үргэлжилжээ

Тбилисийн их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Б.Хорлоодой эхний барилдаанаа узбекистаны жүдоч Диёора Келдиёроватай хийсэн юм. 22 настай, өнгөрсөн жил Дюссельдорфийн их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан Б.Хорлоодой 2019 онд Тбилисийн гран прид тавдугаар байр эзэлж байлаа. Харин өрсөлдөгч нь тэр жил ААШТ-д түрүүлж, Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Хоёр жүдоч анх удаа таарч барилдахад үндсэн цагт хэн хэн нь оноонд хүрч чадсангүй. Гэхдээ Узбекистаны жүдоч хоёр торгуультай, Б.Хорлоодой нэг торгуультай нэмэлт цагт шилжсэн. Улмаар түрүүлж оноо авсан нь ялах дүрэмтэй сунгасан цаг хоёр минут хагас үргэлжилж байхад Б.Хорлоодой идэвхгүй барилдааны улмаас хоёр дахиа торгуульж хоёр жүдочийн аль аль нь хоёр шидотой болоод байлаа. Гэхдээ гуч орчим секундын дараа Диёора Келдиёрова дахин торгуульснаар Б.Хорлоодой ялсан юм. Тэдний барилдаан цэвэр цагаар долоон минут, нийт  10 орчим минут барилдлаа. 

Б.Хорлоодойн Диёора Келдиёроватай хийсэн барилдааны бичлэг: 

https://www.youtube.com/watch?v=2CEgLzQD_3w&t=11s

Б.Хорлоодойн удаах өрсөлдөгч нь Мексикийн жүдоч, Пан Америкийн наадам болон аварга шалгаруулах тэмцээний дөрвөн мөнгөн медальт Олвера Луз байлаа. Хоёр жүдоч мөн анх удаа таарч барилдсан байна. Улмаар Б.Хорлоодой хэдийгээр барилдааны дундуур торгуульсан ч үндсэн цагийн төгсгөлд өчих мэхээр өрсөлдөгчөө цэвэр яллаа. Сүүлийн минут гаруй хугацаанд барилдаан хэвтээгээс үргэлжилсэн юм. 

Б.Хорлоодойн Олвера Лузтай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=HDywdUm1_hY&t=277s 

Б.Хорлоодойн өрсөлдсөн 52 кг-ийн жинд 36 жүдоч өрсөлджээ. Дэлхийд 25 бичигдэж буй Б.Хорлоодой жиндээ есд эрэмбэлэгдсэн байна. Тэрбээр гурав дахь барилдаанаа гүржийн жүдоч Татьяна Левицка-Шукванитай хийн харамсалтай нь дахин ялагдлаа. Учир нь тэд өмнө нь өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Парисын их дуулга тэмцээнд тараахад гүрж бүсгүй ялж байсан юм. Энэ удаад барилдааны сүүлийн минутийн эхэнд Татьяна Левицка-Шуквани цэвэр ялснаар Б.Хорлоодой үзэгчдийн суудалд шилжсэн юм. Ташрамд дуулгахад Барилдаан эхлээд удаагүй байхад Б.Хорлоодой ханцуйны барьц буруу атгаж торгуульсан. Харин минут 22 секунд өнгөрч байхад гүрж жүдоч хуурамч дайралтын улмаас мөн торгуульжээ. Гүржийн бөх улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд мөн ялсан ч хагас шигшээд ялагдан хүрлийн төлөө дагаж барилдахаар болж, улмаар дахин ялагдсанаар тавдугаар байр эзэлжээ. 

Б.Хорлоодойн Татьяна Левицка-Шукванитай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=ffmHNiir3qM&t=14s

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Монголын багаас Л.Энхрийлэн зодоглож эхний барилдаанаа беларус жүдоч Ульяна Миненковатай хийсэн юм. Тэдний жинд 34 жүдоч зодоглосноос 22 настай, ААШТ болон Дюссельдорфийн их дуулгын хүрэл медальт Л.Энхрийлэн 25-д бичигдсэн. Тэрбээр дэлхийд 63-т эрэмбэлэгддэг бол өрсөлдөгч нь 97-т бичигддэг юм байна. Барилдааны хувьд Лхагватогоогийн Энхрийлэн, Ульяна Миненкова нарын хэн нь ч үндсэн цагт оноо авсангүй. Гэхдээ беларусын жүдоч хоёр удаа шидо хүртсэн. Улмаар нэмэлт цаг эхлээд минут 13 секунд өнгөрч байхад Ульяна Миненкова гурав дахь торгуулиа хүртсэнээр Л.Энхрийлэн тэмцээнийг нэг шат ахисан юм. 

Л.Энхрийлэнгийн Ульяна Миненковатай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=2oVTkqswHs8&t=10s

Л.Энхрийлэнгийн хоёр дахь өрсөлдөгч нь румын жүдоч Лоредана Охай байлаа. Тэд өмнө нь 2018 онд Будапешт хотноо Европын клубуудын АШТ-ий үеэр нэг таарч барилдахад Л.Энхрийлэн ялж байжээ. Харин энэ удаад барилдаан эхлээд 30 секунд болж байхад өрсөлдөгч нь ваза-ари үнэлгээ авч, улмаар минутийн дараа ялалтад хүрчээ. Гэхдээ Лоредана Охай удаа барилдаандаа ялагдан мөн тэмцээнээ дуусгасан юм. 

Л.Энхрийлэнгийн Лоредана Охайтай хийсэн барилдааны бичлэг:

https://www.youtube.com/watch?v=bY-apE9ISoo&t=140s

Тэмцээний эхний өдрийг Монголын жүдочид нэг алт, нэг хүрэл, нэг долоодугаар байрын амжилттай үдэж, багийн амжилтаар дөрөвт эрэмбэлэгдсэн юм.