Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хоёр томоохон санаачилга гаргаснаа өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр ирэх 10 жилд 10 тэрбум мод тарих хөтөлбөрийг баталж, үүний зэрэгцээ "Ногоон Ойрхи Дорнод" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд 40 тэрбум мод тарихаар төлөвлөсөн байна. Тэрбээр “Саудын Араб нь газрын тосны олборлолтоор тэргүүлэгч орон бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ногоон ертөнцийг бий болгоход дэлхийд манлайлахыг зорьж байна" гэж мэдэгджээ. Тус бүс нутгийн тухайд байгаль орчинд тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл нь цөлжилт бөгөөд шороон шуурганы улмаас жилд 13 тэрбум ам.доллар алдаж байгаа бол хүлэмжийн хийгээр бохирдсон агаарын бохирдол Саудын Арабт дундаж наслалтыг 1.5 жилээр бууруулахад хүргэсэн гэх тооцоолол гарсан байна.