Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч “Эвер Гивен” хөлөг онгоцыг байрнаас нь хөдөлгөх ээлжит оролдлого бүтэлгүйтсэн тухай хөлөг онгоцны инженерийн баг мэдээлжээ. Японы "Шоей Кисен" компанийн эзэмшдэг, Тайванийн "Эвер Грийн” компанийн ажиллуулдаг тус чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд БНХАУ-аас Роттердам хүрэх замдаа Суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаасан юм. Хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудаж, хөлөг онгоцны багийнхан удирдлагын хяналтаа алдсан байна. Тус хөлөг онгоц 400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай бөгөөд Суэцийн сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас цаг тутамд 400 сая ам.долларын алдагдал учирч байгаа гэж Тайванийн санхүү, эдийн засгийн “Коммершиал Таймс” сонин тооцоолжээ. Чингэлэг тээвэрлэгчийг байрнаас нь хөдөлгөх ажиллагааг далайн аврах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн Голландын "Смит Салвадж" компани явуулж байгаа бөгөөд үүний зэрэгцээ АНУ-ын тэнгисийн хүчин, Турк улс тусламж санал болгожээ.
