Мьянмарт шинэ сонгууль болж дууссаны дараа эрх мэдлийг буцаан олгоно

Мьянмарын төрийн эрх мэдлийг шинэ, шударга сонгууль явуулсны дараа шилжүүлэн өгнө гэж тус улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ахмад генерал Мин Аунг Хлайн мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн жил болсон парламентийн сонгуулийн дүнд луйвар орсон гэж үзсэн тул цэргийн эргэлт хийсэн гэдгийг өнгөрөгч бямба гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна. Мьянмарын цэргийн хүчин өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, төрийн бүх эрх мэдлийг гартаа аваад байгаа юм. Хэдийгээр энгийн иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж байгаа ч аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч бямба гарагт болсон жагсаалын үеэр доод тал нь 114 хүн амиа алдаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан 2 сар орчмын хугацаанд амиа алдсан хүний тоо 400 давжээ.