Дэлхийн долоон удаагийн аварга, Формула нэг уралдааны Мерседес багийн нисэгч Льюис Хэмилтон Бахрэйн улсад болсон шинэ улирлын нээлтийн уралдаанд түрүүллээ. Өнгөрсөн 11-р сарын сүүл, 12-р сарын эхээр хоёр гран при уралдаан дараалан Бахрэйний тойрог замд явагдахад эхнийх нь Льюис Хэмилтон түрүүлж байсан юм. Улмаар өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаараа домогт Михаел Шумахерийн амжилттай зэрэгцэж, түрүүлсэн гран при уралдааны тоогоороо илүү гарсан британи эр замналдаа 166 дахиа шагналын тавцанд гарч, тэр дундаа 96 дахь удаагаа түрүүлжээ. Гэхдээ тэрбээр Бахрэйний уралдааны сүүлийн мөчид Ред Булл багийн нисэгч Макс Ферстаппенийг гүйцэж түрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Макс Ферстаппен түүнээс 0.745 секундээр хоцорчээ. Энэхүү гран прид нидерланд нисэгч байрлал тогтоох гараанд тэргүүлж, араас нь Льюис Хэмилтон, Валттери Боттас, Шарль Леклер нар уралдааныг эхлүүлсэн. Валттери Боттас уралдааны үеэр хамгийн хурдан тойрог замыг туулсан байна. Тэрбээр гуравт хурдалсан юм.
Ийнхүү Льюис Хэмилтон замналдаа тав дахь удаагаа, ялангуяа сүүлийн гурван жил дараалан Бахрэйний гран прид түрүүллээ. Себастьян Феттель 4, Фернандо Алонзо 3 удаа Бахрэйний гран пригийн аварга болж байжээ. Мөн Мерседес багийн Бахрэйн байгуулсан зургаа дахь түрүү юм байна. Энэ нь Феррари багийнхтай тэнцүү амжилт юм. Ингэснээр Хэмилтон шинэ улирлыг 25 оноотой эхлүүлж байгаа бол удаах байруудад орсон Макс Ферстаппен 18, Валттери Боттас 16, Ландо Норрис 12, Серхио Перез 10 оноо тус тус авлаа. Ландо Норрис Астон Мартин багийн 1960 оноос хойших Формула нэгийн анхны оноог авчирлаа.
Сонирхолтой нь Льюис Хэмилтон 5112 тойрог тэргүүлсэн үзүүлэлтээр Михаел Шумахерийн дээд амжилтыг эвджээ. Мөн 2007 онд МакЛарен багаас мэргэжлийн замналаа эхлүүлснээс хойш жил бүр гран при уралдаанд түрүүлсэн рекорд цувралаа үргэлжлүүллээ.
Бусад тамирчдын тухайд Ферраригийн Шарль Леклер зургаа, МакЛарены Даниел Риккардо долоо, түүний багийн хамтрагч, анх удаа Формула нэгд хөл тавьсан Карлос Сайнз наймд, мөн Формула нэгд анх удаа уралдсан Альфа Таури багийн япон нисэгч Юки Цүнода есдүгээр байрт орсон юм.