БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан ирэх сард спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулна гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өчигдөр мэдээлжээ. Тус өдрийг тохиолдуулан Пёньян хотноо дөрөвдүгээр сарын 5-15-ны хооронд тамирчид, оюутнууд, ажилтнуудын төлөөлөл тэмцээн, уралдаанд оролцох юм байна. Нарны өдөр гэж нэрлэдэг энэхүү баярын үеэр БНАСАУ цэргийн парад, спорт, соёлын үйл ажиллагаануудыг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж байсан боловч 2019, 2020 онд зохион байгуулаагүй байсан юм. Ажиглагчдын зүгээс БНАСАУ үүсгэн байгуулагч, удирдагчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Ковид-19”-ийн халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ сулруулахаар төлөвлөж байж магадгүй байна гэж үзээд байна. Хэдийгээр БНАСАУ “Ковид-19”-ийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн ч халдвар тархахаас урьдчилсан сэргийлэх үүднээс хилийн хатуу хяналт тогтоож, олон нийтийн цуглааныг хориглож, хөл хөдөлгөөнийг хязгаарласан юм.