Их Британид засгийн газраас тогтоосон гэртээ байх шаардлагатай хөл хорионы хугацаа дууссантай холбоотойгоор задгай усан сангуудын үйл ажиллагаа эргэн сэргэжээ. Өөрөөр хэлбэл тус улсын ерөнхий сайд Борис Жонсон Ковид 19-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан хэдий ч бараг гурван сар орчмын дараа тус улсын иргэд олон нийтийн газар зургаа хүртэлх тоогоор цуглах боломжтой болсон байна. Энэ нь зургаа хүртэлх тооны хүн гэдэг нь хоёр өрхийн иргэд усан сан, сагсан бөмбөгийн талбай зэрэг олон нийтийн спортын байгууламжуудыг тодорхой хязгаарлалтын дагуу ашиглах боломжтой болжээ. Лондонгийн зүүн өмнөд хэсэгт байрлах задгай усан санд сэлэгчид дахин дуртай зүйлээ хийх боломжтой болсондоо туйлын их баяртай байгаагаа Ройтерс агентлагт ярьжээ. 16 настай Беатрис Харрисон “Инээмсэглэлээ ч больж дийлхээргүй сайхан байна. Учир нь би дандаа л усанд сэлдэг байсан. Бүр жаахнаасаа шүү дээ. Тэгээд одоо эргээд усанд санд орох боломжтой болсондоо маш их баяртай байгаа. Би 11-р ангийн сурагч болохоор шалгалт стрессээ энд л тайлж байна” гэж ярьжээ. Харин чөлөөнд гарсан цагдаагийн офицер, 65 настай Робин Аялвард “Цаг агаар, тусгаарлалт гээд нэг талаараа хүндхэн өвөл боллоо. Хэдийгээр аз болоход би их өөдрөг хүн ч өглөө босоод энд ирж чадахгүй байсан нь үнэхээр тиймхэн байсан юм. Одоо харин үүнийг шинэ зүйлийн эхлэл гэж найдаж байна” гэжээ. Борис Жонсон өнгөрсөн нэгдүгээр сарын дөрвөнд гурав дахь удаагийн хөл хориогоо тогтоож байгааг зарласан ч вакцинжуулалтыг эрчимжүүлэн сонор сэрэмжээ алдалгүй цар тахлын нөхцөл байдлыг даван гарах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байлаа.