Оросын шууд хөрөнгө оруулалтын сан БНХАУ-ын “Шинжэн Юуаншин Ген-Тех” компанитай "Спутник В" вакциныг Эх газрын Хятадад үйлдвэрлэхээр тохиролцжээ. Тус сангийн мэдээлж буйгаар, БНХАУ-д 60 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх бөгөөд энэ нь 30 сая гаруй хүнийг вакцинжуулахад хүрэлцэх юм. Вакцины үйлдвэрлэлийг ирэх тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар "Спутник В" вакциныг дэлхийн 57 оронд бүртгэж, зөвшөөрөл олгоод байгаа юм. ОХУ-ын гарган авсан “Спутник В” вакцин нь “Ковид-19”-ийн халдварын эсрэг 91,6 хувийн үр дүн үзүүлсэн юм.