Суэцийн сувагт түгжрэл үүсэх үеэр 60400 хонь, 421 үхэр тээвэрлэж явсан таван хөлөг онгоц зургаан өдрийн турш гацсан тухай Египетийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн яам мэдээлжээ. Тус яамны зүгээс тэдгээр хөлөг онгоцууд Испани, Румынээс Саудын Араб руу явж байсан бөгөөд мал эмнэлгийн гурван баг тэдгээр хөлөг онгоц дээр ажиллаж байжээ. Таван хөлөг онгоц дээр байсан амьтдын биеийн байдал сайн байсан бөгөөд нийт 6 хоногийн хугацаанд 190 тонн тэжээл, 120 тонн ус өгсөн гэж аврах албаны баг мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн том чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцуудын нэг болох “Эвер Гивен” цаг агаарын таагүй байдлын улмаас жолоодлогоо алдаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаагаад байсан ч өчигдөр сувгийн хөдөлгөөн нээгдэж, хэвийн байдалдаа эргэн орсон юм.
Хөлөг онгоцыг гаргах ажиллагаа зургаан өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 14 чирэгч онгоцыг уг ажиллагаанд оролцуулжээ. Суэцийн суваг нь Египет улсын нутагт, Синайн хойгт орших, Газар дундын тэнгисийн Порт Сэйд, Улаан тэнгисийн Суэц боомтыг холбосон хиймэл суваг бөгөөд дэлхийн ачаа тээврийн 12 хувь дамжин өнгөрдөг байна.