ОХУ-д спортын нэгэн шинэ төрөл байдаг юм байна. Энэ нь Рагбол хэмээх нэртэй бөгөөд сагсан бөмбөг, рагби, бөхийн барилдааны элементүүдийг агуулжээ. Тодруулбал ерөнхийдөө спорт зааланд сагсан бөмбөг тоглож буйтай төстэй ч бөмбөгөө залалгүй рагби адил булаацалдан, хамгаалж, цагирагт довтолдог байна. Өөрөөр хэлбэл бөмбөгний төлөөх тэмцэл, хамгаалалтын үед рагби, бөхийн барилдааны элементүүд харагдаж байгаа нь сагсан бөмбөгөөс тус спортыг ялгаж байгаа юм. Оросын рагболын холбооны тэргүүн Иван Андреев “ЗХУ-ын үед бөхчүүд үүнийг сагсан бөмбөгийн барилдаан” хэмээн нэрлэж бэлтгэл сургуулилтдаа ашигладаг байсан ч цаг хугацааны явцад энэ нь спорт болж хөгжсөн юм. Сагсан бөмбөгөөс ялгаатай нь рагболд их олон зүйл зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ өрсөлдөгчөө газраас өргөж болохгүй, гараа холбон барьж болохгүй, зөвхөн нуруугаараа түлхэх гэхчлэн дүрмүүдтэй” гэсэн бол тус спортоор хичээллэж байсан нэгэн ахмад тамирчин “Үүнийг зөвхөн бөхчүүд л тэвчинэ. Сагсан бөмбөгчид энд удаан тэсэхгүй. Тэдэнд залалт, шидэлт, тактик чухал бол энд ерөнхийдөө барилдах, гүйх л хамгийн чухал нь” гэж ярьсан байна. Рагболыг хэзээ, хэрхэн үүссэнийг тодорхойлох боломжгүй гэдэг ч ЗХУ-ын үед тулааны урлагаар хичээллэгсэд бэлтгэл сургуулилалтдаа өргөнөөр ашигладаг байсан юм байна. Хөндлөнгийн хүний нүдээр харахад тус спортын төрөл нь жаахан эмх замбараагүй мэт боловч тамирчдын талбай дээр юу хийж болох, болохгүйг тодорхой заасан дүрмүүдийг чанд баримталсны үндсэн дээр бэртэл гэмтлээс сэргийлдэг байна. Дүрмийг нь 1990-ээд оны сүүлээр боловсруулж 2003 онд спорт хэмээн хүлээн зөвшөөрчээ.