Майами Опен тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод шилдэг найм тодроод байна. Чансааг тэргүүлэн өрсөлдөж буй оросын теннисчин Данийл Медведев дөрөв дэх шатанд америк теннисчин Франсес Тиафог 6:4, 6:3-аар дараалан хожсон юм. 25 настай орос теннисчин энэхүү ялалтыг 92 минутад байгуулсан бөгөөд тэрбээр замналдаа анх удаа Мастерс ангиллын тэмцээнд чансааг тэргүүлэн өрсөлдөж байгаа. Энэ түвшинд дөрөв дэх цомоо өргөхөөр зорьж байна. Тэрбээр энэ жил шигшээ багтайа хамт ЭйТиПи Кап тэмцээнд түрүүлснээс гадна Францын Марсель хотноо замналынхаа 10 дахь цомыг өргөөд байгаа.
Тэрбээр тоглолтын дараа “Мэдээж хэцүү тоглолт байлаа. Олон гайхалтай оноо авсан цохилтууд гарсан. Тэдний заримд нь тэр, заримыг нь би ялсан. Ялангуяа хоёр дахь үед давуулалтууд надад тус боллоо” хэмээн ярьжээ.
Түүний 2021 оны хожил, хожигдлын харьцаа 17-2 боллоо. Ялангуяа Франсес Тиафогийн эсрэг дөрөв дэх ялалтаа байгуулжээ. “Надад халз тоглолтын харьцаа огт чухал биш. Учир нь дандаа л шинэ тоглолт болдог. Бид мэднэ шүү дээ. Рожер нэг залуугийн эсрэг 15-0-ийн харьцаатай байсан ч нөгөөх нь чухал тэмцээнд хожихыг үгүйсгэхгүй.” хэмээн Данийл Медведев хэлжээ.
Одоо тэрбээр хагас шигшээн төлөө испани теннисчин Роберто Баутиста Агуттай тоглох юм. Харин энэ тухайд “Би маргаашийг тэсэн ядан хүлээж байна. Роберто бол ёстой хэцүү тоглогч. Түүнтэй бэлтгэл хийх, бас тоглосны дараа заримдаа “Тэр үүнээс өндөр чансаатай байх ёстой тоглогч” гэж бодогддог юм. Мэдээж одоогийн байгаа нь олон шалтгаантай л даа. Би маргааш хичээх болно” гэж хэлсэн байна. Данийл Медведев чансааны долоод эрэмбэлэгдсэн Роберто Баутиста Агутын эсрэг халз тоглолтын анхны ялалтаа байгуулахаар зорьж байгаа юм. Тэд өмнө нь Энэтхэгийн Махараштра хотын тэмцээний финал, өнгөрсөн жил АНУ-ын Цинциннати хотын тэмцээний хагас шигшээд таарахад аль алинд нь 32 настай испани эр хожсон юм.
Харин чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн грекийн теннисчин Стефанос Циципас дөрөв дэх шатанд итали теннисчин Лорензо Сонегог 6:2, 7:6(2)-аар дараалан хожжээ. 22 настай грек теннисчин Мастерс ангилалд анхны цомоо өргөхөөр зорьж байгаа юм. Тэрбээр итали теннисчний эсрэг цаг хагасын хугацаанд ялалт байгуулжээ. Одоо тэрбээр польшийн теннисчин, чансааны 26-д эрэмбэлэгдсэн, 24 настай Хуберт Хуркачтай тоглоно.
Сонирхолтой нь Майами Опен тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтын шилдэг найман теннисчний долоо нь буюу Роберто Баутиста Агутаас бусад нь 25 болон түүнээс доош насныхан байна. Данийл Медведев, Хуберт Хуркач, Стефанос Циципас нараас гадна шилдэг наймд шалгарсан Андрей Рублев 23, Александер Бублик 23, Себастьян Корда 20, Янник Синнер 19 настай. Энэ нь 1996 оноос хойш тохиогоогүй үзүүлэлт юм байна. Залуус бүгд анх удаа Майами Мастерс тэмцээний шилдэг наймд шалгарсан юм.