ОХУ-д амьтдад зориулсан “Ковид-19”-ийн халдварын эсрэг вакциныг бүртгэжээ

ОХУ-д “Ковид-19”-ийн халдварын эсрэг амьтдад зориулсан вакциныг бүртгэсэн тухай Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны орлогч дарга Константин Савенков сэтгүүлчдэд мэдээлжээ. Тэрбээр  амьтдад зориулсан “Ковид-19”-ийн халдварын дэлхийн анхны вакцин гэж онцолж, “Малын эрүүл мэндийг хамгаалах төв”-д гарган авсан гэж мэдэгдсэн байна. "Карнивак-Ков" нэртэй тус вакцины эмнэлзүйн туршилтуудыг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд нохой, муур, цагаан үнэг, усны булга, үнэг зэрэг амьтад дээр туршжээ. Судалгааны үр дүнд вакцин хийлгэсэн бүх амьтанд 100 хувь эсрэг биет үүссэн бөгөөд вакцин хийснээс хойш дархлаа хэр удаан тогтдогийг үргэлжлүүлэн судалж байна гэж тус төвийн эрдэмтэд мэдээлсэн байна.