Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улсын Онцгой Комиссоос Монгол Улсын Засгийн Газарт Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал оруулсан.
Тэгвэл Монгол Улсын Засгийн Газар дээрх саналтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрийг танилцууллаа. Ингэснээр хатуу хөл хорио тогтоохгүйгээр 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатайгаар зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах тухай шийдвэрийг гаргажээ.
МУ-ын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан: Энэхүү шар түвшний хөл хорионы дэглэм тогтоосон үед төрийн байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд аль болох цахимаар гэрээсээ ажиллах, ажлын байрт 30-аас дээшгүй хувиар ажиллах зохион байгуулалтыг хийж ажиллах. Тус 14 хоногийн хугацаанд 7 хоногоор эрсдэлийн үнэлгээ хийж байх шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авах, ямар зохицуулалт хийх вэ? гэдгийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллана. Халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний хэрэгжилтэд олон нийтийн оролцоотойгоор үр дүнгээ өгөх учраас шууд хатуу хөл хорио тогтоохгүйгээр шийдвэрлэж байна.
Харин 5 сарын 1-ны дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Мөн 7 дугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд түүнчлэн бүх салбарт вакцинжуулалтын ажлыг хүргэж ажиллана. Харин энэ хугацаанд зам, дэд бүтэц бусад салбарын бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй учраас нэг дор цугларах үедээ халдвар хамгааллын дэглэмээ хатуу чанд барихтай холбоотой зохицуулалтыг холбогдох байгууллагууд хийж ажиллах юм.