Засгийн газраас эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө баталж, үүнээс 2 их наяд төгрөгийг ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлд зарцуулна гэж төлөвлөсөн. Зээл олгох дүрэм журам батлагдаж банкууд зээл олгож эхэлсэнээс хойш ажлын 16 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд 3 хувийн хүүтэй 152.8 тэрбум төгрөгийн зээлийг 2431 иргэн, аж ахуй нэгжид олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 660 зээл, хөдөө орон нутагт 1771 нь зээл олгогджээ. Иргэн аж ахуйн нэгжээр нь авч үзвэл 72.2 тэрбум төгрөгийн зээлийг 343 аж ахуй нэгжид, 80.6 тэрбум төгрөгийн зээлийг 2088 иргэнд олгожээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 4 их наяд 480.2 тэрбум төгрөгийн дүнтэй 32456 зээлийн хүсэлт ирээд байна. Нийт зээлийн хүсэлтийн 9000 гаруй нь судалгааны шатанд явж байгаа бол судлагдаж эхлээгүй 19 мянга гаруй зээлийн хүсэлт байна.
Харин зээл олгохоос татгалзсан 998 зээлийн хүсэлт байна гэдгийг өнөөдөр Засгийн газрын шийдвэр танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу 3 хувийн хүүтэй зээлийг 3500 аж ахуйн нэгж, 20000 иргэнд олгож 120 мянган ажлын байрыг хадгална гэж тооцоолж байгаа юм.