АНУ-ын ерөнхийлөгч дэд бүтцийг шинэчлэх хоёр их наяд ам.долларын төлөвлөгөөгөө танилцууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден дэлхийн хоёрдугаар дайнаас хойших ажлын байранд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт гэх хоёр их наяд гаруй америк долларын төлөвлөгөөгөө өнгөрөгч лхагва гарагт танилцуулжээ. Тэрбээр Пенсильван мужад үг хэлэхдээ энэ талаар мэдэгдсэн байна. “Өнөөдөр би зөвхөн баялгийг бус хөдөлмөрийг урамшуулдаг АНУ-ын төлөвлөгөөг санал болгож байна. Энэ нь АНУ-ын мужуудыг холбосон хурдны зам барьснаас тэр үеэс хойших хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Энэ бол түүхэнд тэмдэглэгдэн үлдэх мөч. Нэг ёсны дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ажлын байранд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт юм. Бид сайн цалинтай, сая сая ажлын байрыг бий болгоно” Энэхүү төлөвлөгөө нь АНУ-ын эдийн засгийг дээшлүүлэх, эх газрын Хятадтай өрсөлдөхөд нь туслах гол хүчин зүйл болох бөгөөд төлөвлөгөөний гол хэсэг нь тээврийн дэд бүтцийн шинэчлэл юм. “Тус төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол тээврийн дэд бүтцийн шинэчлэлт. Үүнд АНУ-ын тээврийн дэд бүтэц, зам, гүүр, нисэх онгоцны буудлуудыг шинэчлэх зэрэг ажил багтана."

"Вашингтон Пост” сонинд энэхүү төлөвлөгөөнд тээврийн системийг хөгжүүлэх болон өндөр хурдны интернэт зэрэг бусад дэд бүтцийн төслүүдэд нэг их наяд гаруй Америк долларын хөрөнгө оруулахаар тусгажээ. Түүнчлэн бүхий л салбарт үйлдвэрлэл, судалгааг өргөжүүлэх, эрчим хүчний цэвэр эх үүсвэр ашиглах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотой төслүүдэд олон тэрбум америк долларын хөрөнгө оруулахаар тусгасан байна. Харин энэхүү төлөвлөгөөний зардлыг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэмэгдүүлэх, мөн татвар төлж байгаа эсэхэд илүү хатуу хяналт тавих замаар нөхнө гэж ерөнхийлөгч Жо Байден тооцоолж байгаа юм.