Өнгөрөгч даваа гарагийн өглөө АНУ-ын Нью-Йорк хотноо Ази гаралтай Америк эмэгтэй халдлагад өртсөн юм. Хохирогч эмэгтэй хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд Нью-Йоркийн цагдаагийн газраас хэргийн талаар шалгаж, сэжигтнийг илрүүлж, баривчилсан байна. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн сэжигтнийг өнгөрөгч лхагва гарагт Нью-Йорк хотын Манхаттаны гудамж дахь гэрээс нь баривчилсан бөгөөд 38 настай Брандон Эллиот гэх залуу үйлдсэн нь тогтоогдсон байна. Хохирогч 65 настай эмэгтэй сүмийн урд явж байх үед нь гэмт этгээд зодож, хэвлий, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн байна. Энэ бүхнийг барилга дотроос харсан гэрч хохирогч эмэгтэйд туслаагүйн дээр, хамгаалагч эрэгтэй хаалгаа дотроос нь хаасан нь дурс бичлэгт үлдэж, олон хүний бухимдлыг төрүүлсэн юм. Олон нийтийн зүгээс бэртсэн эмэгтэйд туслаагүй 2 гэрчид хавтаст хэрэг нээн, шалгах хэрэгтэй гэж шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсээр байна. 2021 он гарснаар дан Нью-Йорк хотод Ази гаралтай хүмүүсийн халдлагад өртсөн 33 хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн ижил үетэй харьцуулахад яаралтай тусламж, болон бусад дугаарт дуудлага өгөх хүмүүсийн тоо 149 хувиар өссөн гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Ковид-19”-ийн халдварын тусламжийн багцаас 49.5 сая америк долларыг хохирогчид өгөх аль эсвэл эмчилгээний зардалд зарцуулахыг үүрэг болгосон байна.