Энэ сарын 4-ний өдрөөс эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхэллээ. “Ковид-19”-ийн халдварын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор ирэх 5 дугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн 18-аас дээш насны иргэдийг вакцинжуулалтад хамруулж дуусгах засгийн газрын шийдвэр гараад байгаа. Мөн 50-аас дээш насны биеэ дааж гадагш гарч чадахгүй, асаргаа халамжид байгаа нийт 6895 иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх бөгөөд гэрт нь очиж вакцинжуулалтад хамруулахаар болжээ. Вакцинд хамрагдаж байгаа иргэдийн хувьд 50-аас дээш насны иргэдийн ирц сайн байгаа бол 18-аас дээш насны иргэд вакцинд хамрагдах тухай мэдээлэл муу байгаагаас ирц хангалттай биш байгаа юм. Түүнчлэн вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд дүүрэг тус бүр дээр өдөрт 3000 иргэнийг хамруулах тов гаргаад байгаа бөгөөд цаашид энэ тоог 6000 болгохоор ажиллах юм байна. Иймээс иргэдийг өөрийн харьяа дүүрэг дэх вакцинжуулалтын цэгт өглөөний есөн цагаас 17 цагийн хооронд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн яамнаас сануулж байна.